Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн хүүхдүүд нэг цэгийн үйлчилгээний бичил төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Японы Хүүхдийг Ивээх Сан нь Завхан, Ховд, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 сум 39 сургуульд Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар Энтрепренершипийн төслийн 2020-2025 оны хооронд хэрэгжүүлж байгаа юм. Энэ төслийн хүрээнд Монголын өсвөр үеийнхэнд зориулсан ESEL сургалтыг боловсруулж 10 долоо хоногийн турш тус сургалтад хамрагдсан сурагчид хувь хүний багц ур чадваруудыг Энтрепренерийн мэдлэгийн хамт олж авдаг гэдгээрээ онцлогтой ажээ.
Тэгвэл энэхүү сургалтад хамрагдаж өөрсдөө бичил төсөл эхлүүлж амжилттай хэрэгжүүлж байгаа Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн хүүхдүүдийн хэрэгжүүлж байгаа төслийн талаарх мэдээллийг Японы Хүүхдийг Ивээх Сангийн Завхан салбарын зохицуулагч П.Дөлгөөнөөс асууж тодрууллаа.
-Өдрийн мэнд хүргэе. Танайхаас хэрэгжүүлж байгаа ESEL сургалтын үр дүн сайн жишээ, амжилтын түүхүүд олон нийтэд танигдаж байна. Завхан аймгийн хэчнээн сургуулийн хэдэн хүүхэд энэ сургалтад хамрагдаж бичил төслийг хэрэгжүүлэв?
-Тийм ээ. Манай төслийн болоод сургалтын бодит үр дүн гарч байгаа. Тухайлбал ESEL сургалтад хамрагдсаныхаа дараа сертификатаа авсан сурагчид маань мини шарк танк шиг зохион байгуулалттай бичил төслийн Пич уралдаанд оролцож 3.5 сая төгрөг хүртэлх санхүүжилт авч төслөө хэрэгжүүлэх эрхийн төлөө ухаанаа уралдуулж сургууль болон сумандаа хийхээр санаачилсан бизнес төслөө бодитоор хэрэгжүүлэх боломжтой болдог юм.
Одоогийн байдлаар Завхан аймагт тус төсөл хэрэгжиж байгаа Тэс, Баянтэс, Түдэвтэй, Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургууль болон Улиастай сумын Политехник коллежид нийтдээ 58 бичил төсөл амжилттай хэрэгжиж байна. Эдгээр төслөөс цувралаар амжилтын түүхийг нь бичиж олон нийтэд хүргэж байгаа юм.
-Тосонцэнгэлийн 2-р сургуулийн Нэг цэгийн үйлчилгээ төслийн амжилтын түүхээс хуваалцахгүй юу?
-Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн “Нэг цэгийн үйлчилгээ” төслийг амжиллттай хэрэгжүүлсэн багаас 4 сурагч 2023 оны хавар оюутан болж, 12-р ангийн 1 сурагч сургуульдаа суралцахын хажуугаар бичил төслөө Э.Бямбасүрэн багшийн чиглүүлэг туслалцаатайгаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар байна.
Хэдийгээр төслийн санхүүжилтийн сүүлийн 10 хувиа авч гэрээ дуусгавар болсон ч төслөө сургуульдаа тогтвортойгоор үргэлжлүүлж байгаагаараа онцлогтой бичил төсөл юм.
Нэг цэгийн үйлчилгээ төслийг санаачилж хэрэгжүүлсэн багийн сурагчдыг С.Мөнхжин, Б.Хулан, С.Үйлстөгөлдөр, Б.Пүрэвсүрэн, Г.Намуунцэцэг гэдэг. ESEL II сургалтын үеэр нэг ангид хуваарилагдан суралцсан сурагчид маань тухайн үедээ 8-12-р ангийн сурагчид байв. Тус төслийг сургуулийнх нь багш Э.Бямбасүрэн чиглүүлж ажиллаж байна.
ESEL сургалтаас багаар ажиллах чадвар, өөрийгөө илэрхийлэх ур чадваруудыг эзэмшиж чадсан гэж ам уралдан ярих багийн гишүүд маань төслийн уралдаанд оролцохоор хэдэн санаа дэвшүүлснээс, сургуулийн орчиндоо хэвлэх, хувилах, зураг хэвлэх зэрэг ахлах ангийнханд зайлшгүй хэрэг болдог үйлчилгээг нэвтрүүлвэл дунд ахлах ангийнханд хэрэгтэй хийгээд дээрх үйлчилгээг авах гэж хичээл сургалтын үеэр сумын төвд цөөн байх газрууд руу хол явахгүй байх ач тустай гэдэгт санал нэгдэж чадсан байсан.
Ингээд төсөлдөө “Нэг цэгийн үйлчилгээ буюу one point service” гэсэн нэр өгсөн нь мөн учиртай юм.
Нэг сурагчид цээж зураг болон бие даалтаа хэвлүүлэх хэрэгцээ тулгарлаа гэж бодоход заавал дээрх үйлчилгээнүүдийг тус тусад нь үзүүлдэг хоёр газраар орж цаг алдах байдлыг сургуулийн орчиндооо нэг цэгээс, нэг дороос, бүх хэрэгцээтэй үйлчилгээг авах боломжийг хэрэгжүүлсэн байна.
Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн “Нэг цэгийн үйлчилгээ” бичил төслийг хэрэгжүүлэгч багш, сурагчид
Сурагчид маань “Пич 2” бичил төслийн уралдаанд оролцож 2596000 төгрөгийн санхүүжилтээр олон үйлдэлт принтер, цаас зүсэгч, аппарат хэрэгслүүд авснаар төсөл бичихдээ хийхээр зорьсон хэвлэх үйлчилгээ, канон буюу хувилах үйлчилгээ, Зураг хэвлэх үйлчилгээ, Стикер хийх үйлчилгээ, лого хийх, word дээр тайлан зэргийг шивж хэвлэх үйлчилгээ, зураг дарж хэвлэж өгөх үйлчилгээ зэрэг төлөвлөсөн бүх үйлчилгээнүүдээ сургуулийн багш сурагч, ажилчиддаа хүргэж чадсан байна.
2023 оны 11-р сард энэ төслийн үйл ажиллагааны түүхийг сонсож, бичихээр Тосонцэнгэл сумын 2-р сургуульд очих үеэр С.Мөнхжин сурагч урд өдөр нь 60 ширхэг зургийн захиалга аваад дөнгөж хайчилж эмхэлж дуусаад байж байв.
–“Өнөөдөр нэмээд 30 өргөмжлөл хийх захиалга авсан, хамт төсөл хэрэгжүүлж байсан ах эгч нар хэдэн сарын өмнө төгсөөд явсан тул доод ангийн сурагчийг багийн гишүүдийн саналаар багтаа авч нэг гишүүн болгосон бөгөөд тус шинэ гишүүн нь ESEL-4 төгсөгч тул багаар ажиллахад ямар ч асуудал гардаггүй. Цагаа зохицуулж сурсан учраас хичээлээ цалгардуулалгүй бүхнийг амжуулж сурсан байгааг маань гэрийхэн болон багш нар сайшаадагт маш их урам ордог тухайгаа төслөө үргэлжлүүлэн авч яваа С.Мөнхжин сурагч маань хэлж байв.
-Энэ төсөл тус сургуулийн хүүхдүүдийн хэд дэх төсөл вэ? Мэдээж хүүхдүүд орлого олж байгаа байх?
-Нэг цэгийн үйлчилгээ төсөл сургуулийн хамгийн анхны бичил төслүүдийн нэг.
Сургуулийн захиргаанаас сурагч багш нарт дэмжлэг үзүүлж үйл ажиллагаагаа явуулах боломтой 12мкв өрөөг тохижуулж өгсөн нь сурагчдад илүү урам зориг нэмсэн үйл явдал болсон байгааг энд зориуд онцолж хэлмээр байна. Сурагчид маань төслийн үйл ажиллагаагаа олон нийтэд сургуульдаа сурталчлахын тулд Facebook хуудас нээж ажиллуулсан нь ч олон дагагчтай болж маркетинг зар сурталчилгааны зардлыг нь хэмнэсэн байна.
Төсөл эхэлсэн цагаас хойш нийт 800 мянга гаруй төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан бөгөөд үүнээсээ цаас, принтерийн хор, фото цаас зэрэг хэрэглэгдэхүүнүүдээ авахад зарцуулаад үлдсэн нь ашиг болж чаддаг байна.
-“Ер нь бизнес хийхэд тасралтгүй байдал чухал тул бид үйлчилгээн дээр бичсэн бүхий л зүйлдээ захиалга авахыг эрмэлздэг ч хөдөөд фото цаас, өнгөт хор үнэтэй тул орлогоосоо бүтээгдэхүүнээ авахдаа дуртай сэтгэл хангалуун байдаг.
2023 оны 9-11 сарын хооронд гэхэд л бид 600 ширхэг материал хувилсан, өргөмжлөл 100 гаруйг хийж хоёрхон сарын борлуулалтын орлого маань 200 мянган төгрөг болсон. Мөн биологийн хичээлийн хэрэглэгдэхүүн болохуйц стикер, тарааж өгөх материал зэргийг хэвлэж ажилласан. Манай төслийн үйлчилгээг сургуулийн сурагчид төдийгүй багш ажилчид ч авдагт баяртай байдаг” тухайгаа С.Мөнхжин сурагч бидэнд догдлол урам дүүрэн ярьж байсан.
“Нэг цэгийн үйлчилгээ” бичил төслийг хэрэгжүүлж байгаа сурагч С.Мөнхжин
Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын “Шилдэг Энтрепренер сурагч” шагналыг авчээ
-Нэг цэгийн үйлчилгээ төслийг эхлүүлсэн, амжилттай хэрэгжүүлсэн зарим сурагчид нь оюутан болсон юм байна. Эдгээр хүүхдүүд маань цаашид төсөлтэйгөө хамтран ажиллах болов уу?
-Төслөө амжилтай хэрэгжүүлж байгаад оюутан болж нийслэлийг зорьсон “Нэг цэгийн үйлчилгээ” бичил төслийн багийн дөрвөн гишүүнтэй бид Улаанбаатарт уулзаж төслийн амжилт түүхийн талаар ярилцсан. Өнгөрсөн оны 10 дугаар сард Улаанбаатар хотод болсон “Хосолсон сургалтын арга зүй” сургалтын үеэр цаг товлож хүүхдүүдтэйгээ уулзсан. Оюутнууд зав багатай байдаг цагаар зав гаргаач гэж хүссэн болохоор тэднийг бүгд ирж амжих болов уу гэж дотроо эргэлзэнгүй хүлээсэн. Ингээд дөрвөн оюутнаас 1 нь гэнэтийн ажил гараад ирж чадаагүй ч үлдсэн гурван бичил төсөл хэрэгжүүлэгч маань яг товлосон цагтаа ирцгээсэн.
Оюутан болсон хийгээд сурагч үеийн ялгаа, хот хөдөөгийн ойрын сонин сайхнаар эхэлсэн бидний яриа ESEL болон бичил төслөөс та гурав яг юу сурч өөрийн болгож чадсан бэ, төсөл хэрэгжүүлж ESEL-д сурсанаар бусад оюутнаас ялгарах ялгаа та нарт ажиглагдав уу гэх асуултаар өрнөсөн.
“Нэг цэгийн үйлчилгээ” бичил төслийг санаачилж хэрэгжүүлсэн Б.Пүрэвсүрэн, Г.Намуунцэцэг, Б.Хулан нар
“Нэг цэгийн үйлчилгээний төв” бичил төслийг хэрэгжүүлсэн сурагч, одоо Санхүү Эдийн засгийн их сургуулийн оюутан Б.Пүрэвсүрэн маань хэлэхдээ:
-“Би бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж байгаа, тус мэргэжлээр суралцах болсон шалтгаан маань ESEL сургалтад анх хамрагдаж бичил төслийн уралдаанд орсноор эмч болно доо гэж багаасаа бодсон бодол маань өөрчлөгдөж, бизнесийн чиглэлээр суралцвал амжилтад хүрэх юм шиг санагдаж анх МУИС-д өөр ангид элссэн ч дахин элсэлт өгч СЭЗИС руу бизнесийн мэргэжил сонгож орсон маань ч сургуульдаа хэрэгжүүлэх гэж бичсэн төсөл, суралцсан ESEL -тэй зайлшгүй холбоотой юм.
ESEL сургалтад хамрагдсанаар багаар ажиллах чадвар, аливаад эмх цэгц дараалалтай хандах чадвар, манлайлах чадвартай болсон. Миний суралцаж буй ангид гэхэд төслийн менежмент гэдэг хичээл 3-р курсээс орох төлөвлөгөөтэй юм билээ. Гэтэл би төсөл бичих тухай, бизнес төсөл гэж ямар зүйл болох тухай 11-р ангидаа аль хэдийн сураад мэдчихсэн шүү дээ. Надад төсөл бичих, төсөл гэж юу болох талаар суралцах боломжийг олгосон Хүүхдийг Ивээх Сангийн хамт олонд маш их баярлаж байна” гэж ярьж байсан.
“Нэг цэгийн үйлчилгээний төв” бичил төслийг хэрэгжүүлсэн сурагч, одоо Монгол Улсын их сургуулийн оюутан Г.Намуунцэцэг маань хэлэхдээ:
-“ESEL сургалтаас суралцсан багаар ажиллах чадвар оюутан болох үед маш их хэрэг болсон. Жишээлбэл, оюутнуудын суралцах үйл явцын 80 хувь нь бараг бие дааж сурах үйл байдаг юм байна. Гэтэл бид ерөнхий боловсролын сургуульд төслийн сургалтад хамрагдаад сургалтын болон бичил төсөл хэрэгжүүлэх явцад сумандаа судалгаа хийх анхан шатны мэдлэг авсан нь оюутны семинарын хичээлд бэлтгэх зэрэгт шууд хувь нэмрээ оруулах чадваруудад суралцсан гэдгээ ойлгосон.
Мөн би багийнхнаасаа нэг жилийн өмнө оюутан болсон ч байнга сэтгэлээрээ нэг цэгийн үйлчилгээ төсөлтэйгөө хамт байсаар ирсэн. Оюутан болоод нэг анзаарсан зүйл нь Z үеийнхэн гэж яригддаг бидний үеийнхэн удирдуулах биш удирдах дуртай байдаг шиг ажиглагдсан. Яг ийм бодолтой хүүхдүүдийг багаар ажиллаж сургана гэдэг маш чухал санагдаж байсан.
Би сургуулиа төгсөөд сумандаа очиж 2-3 жил ажиллаж сумынхаа хөгжил дэвшилд өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулна гэж боддог болсон. Хүүхдийг Ивээх Санд болон хэрэгтэй сургалтыг бидэнд чиглүүлж чадвар эзэмшүүлсэн багшдаа их баярлаж байгаагаа дамжуулъя.
Хөдөөгийн хүүхдүүдэд аливаа төсөл хөтөлбөрийн үзүүлж буй үр нөлөө маш их, учир нь хөдөөний сурагчид биднийг нэмэлтээр хөгжүүлж байж бид хотын болон бусад газрын хүүхдүүдтэй хөл нийлүүлэн алхах боломж бүрддэг гэж хардаг тул аливаа төсөл хөтөлбөрийг сумын сургуульд хэрэгжүүлэх нь маш их үр шимээ өгнө гэдэгт та бүхэн итгээрэй” гэж хэлж байсан.
“Нэг цэгийн үйлчилгээний төв” бичил төслийг хэрэгжүүлсэн сурагч, одоо Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутан Б.Хулан маань хэлэхдээ:
-“Өнгөрсөн жил та бүхнийг очиход би хэрэгжүүлж байгаа төслөө танилцуулаад зогсож байсан, харин өнөөдөр уулзаж байгаадаа их баяртай байна. ESEL сургалт болон төсөл хэрэгжүүлэх үйл явцаас би санхүүгээ зохицуулж, багаар ажиллаж, аливаад эмх цэгцтэй хандаж сурсан. Энэ бол надаас хэн ч хэзээ ч булаахгүй чадвар. Эхэндээ би өөрийгөө ингэж хөгжсөн гэж бодоогүй ч оюутан болонгуут бусад оюутнаас юугаараа өөр байна гэдгээ анзаарч эхэлдэг юм билээ.
Би бүр өөрийгөө санхүүгээ маш зөв зохицуулдаг санхүүгийн тал дээр чанга оюутан гэж хэлнэ.
Төслөө хэрэгжүүлж байхдаа үйл ажиллагаанаас гадна орлого зарлагаа би гардаж хөтөлдөг байсан тул энэ нь надад хэрэгтэй хэрэггүй зүйлд үргүй зардал гаргахгүй байх дадлыг суулгаж өгсөн байсан.
Хүн заавал их мөнгөтэй байж зарлага орлого хөтлөх албагүй, байгаа мөнгөө үр дүнтэй зүйлд зарцуулах л санхүүгийн зөв боловсрол гэж ойлгосон. Би эм зүйчээр төгсөөд томоохон эмийн сантай болно гэж боддог, сургуульдаа найзуудаараа бизнес хийж чадсан учир ирээдүйд хувийн бизнесээ амжилттай цэцэглүүлж чадна гэсэн итгэлтэй болсон.
Японы Хүүхдийг Ивээх Сангийн хамт олонд Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар Энтрепренершипийн боловсрол олгох төслийг санаачилсан дэмжсэн бүх хүнд талархал илэрхийлж байна” гэж хэлсэн.
Хэдхэн сарын өмнө сурагч байсан тэдний оюутан болсон үеийн мэдрэмж, өгүүлэмжийг ажиглаж суухдаа өсвөр үеийнхэнд цагаа олж өгсөн “оюуны үр” та бидний төсөөлснөөс ч илүү дэлгэрч нахиалдаг байх нь ээ хэмээн бодож байсан.
Төслөө амжилттай хэрэгжүүлж, улмаар оюутан болсон сурагчдаасаа би ганцхан асуултыг асуусан.
-“Хавар биднийг очиход төслийн тоног төхөрөөмжүүдээ бид оюутан болоод ашиглаж болох уу гэж асууж байсан, яаж шийдэхээр болсон бэ?” гэж асуусан юм.
Гэтэл аль хэдийн оюутан болсон хүүхдүүд маань хэлэхдээ: –“Бид “ESEL сургалт болон Нэг цэгийн үйлчилгээ төслөөсөө авах хамгийн чухал зүйлсээ дадал чадвар, мэдлэг болгоод оюундаа авчихсан болохоор сурагч дүү нартаа өвлүүлж үлдээгээд олон жил энэ бизнесийг маань ах эгч нар эхлүүлж байсан гэж бодоод үргэжлүүлж хийгээсэй гэж хүсэж байна. Гэхдээ төслөө үргэлжүүлээд үлдсэн С.Мөнхжин маань бас мэдэх байх” гэж хариулсан юм.
Мөн тэд Японы Хүүхдийг Ивээх сан болон бусад олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хандаж, алслагдсан сум орон нутагт оюуны хөрөнгө оруулалт хийж өгч байгаарай. Хөдөөгийн сургуулийн сурагчид бид эргээд харахад математик, физикийн хичээлийн мэдлэгээрээ хот газрын сурагчдаас огт дутдаггүй. Харин биднийг хөгжүүлэх ESEL шиг сургалтын хэлбэртэй англи хэлийг сайн эзэмшүүлэх сургалт гэх мэт зүйлсийг хөдөөгийн сумдад хэрэгжүүлж өгөөрэй гэж чин сэтгэлээсээ хүсье хэмээн дахин дахин захиж байв.
Эдгээр хүүхдүүдийн сэтгэгдэл, төслийн түүхийг сонсоод Японы Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлсэн Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар олгох төсөл, ESEL сургалт олон хүүхдүүдэд хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрэх боломжийг олгосон байна вэ гэж урам авсан шүү.
Мөн сонирхуулж хэлэхэд, Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн хүүхдүүдийн “Нэг цэгийн үйлчилгээ” бичил төслийг хэрэгжүүлж байгаа сурагч С.Мөнхжин маань Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас жил бүр зохион байгуулдаг Энтрепренер 2023 арга хэмжээнээс “Шилдэг Энтрепренер сурагч” шагналыг авсан.
-Та залуучуудад зориулсан хосолсон сургалтыг хийсэн гэж ярьлаа. Тодруулж хэлэхгүй юу?
-Тийм ээ. ESEL сургалтаар бид алслагдсан сумын сургууль болон мэргэжлийн боловсролын сургуулийн сурагчдад хувь хүний ур чадвар, Энтрепренерийн мэдлэг олгохоос гадна 14-25 насны сургуулиас гадуурх залууст танхим, цахим хосолсон сургалтаар хөдөө гэртээ, малчны хотноосоо суралцах боломжийг бий болгож өгснөөрөө энэ сургалт онцлогтой юм.
Мөн ESEL сургалтын агуулга маань 2025 оны хичээлийн жилээс мэргэжлийн боловсролын сургуулийн үндсэн хөтөлбөрт БШУЯ-ны санаачилгаар орж эхэлж байгаа нь олон мянган залууст үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү хосолсон сургалтыг Завхан аймгийн Тэс, Баянтэс, Их-Уул сумдад хичээллүүлж сургуулиас гадуурх 18-25 насны залуус оролцож байгаа юм.
Ер нь Энтрепренер (Entrepreneur) гэдэг нь 13-р зуунаас үүсэлтэй Франц хэлний хийх, оролдох гэсэн утгатай entreprendre гэсэн үйл үгнээс гаралтай. Энтрепренер гэх үгний томъёолол өөрчлөгдсөөр 20-р зуунд Австрийн нэрт эдийн засагч, суут сэтгэгч Шумптерийн хэлснээр: -“Одоо байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэв маягийг эвдэх замаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахыг энтрепренер” гэнэ. Өөрөөр хэлбэл энтрепренер байна гэдэг нь энгийнээр хүмүүсийн амьдрах орчинг илүү таатай амар болгохыг хүсдэг нэгэн байна гэсэн үг. Ямар бизнес хийхээ, хаана хүрэхээ, тийшээ хэрхэн хүрэхээ тодорхойлж чаддаг хүнийг энтрепренер гэж хэлээд байгаа юм.
Тиймээс л бид хүүхэд залуучуудын энтрепренер сэтгэлгээг дэмжин амжилтын үүд хаалгыг нь нээж өгөхийг гол зорилгоо болгож ажиллаж байгаа юм. Үр дүн ч гарч байгаа нь сайшаалтай юм.