Поп дуучин Бритни Спирсийг АНУ-ын Конгресст асран хамгаалах эрхийн шинэчлэлтийн талаар илтгэл тавихыг урьжээ. Мөн эцэгт нь олгосон асран хамгаалах эрхийг албан ёсоор цуцалсан тухай баримт бичгийг АНУ-ын Конгрессоос түүнд илгээсэн аж.
Бритни 13 жилийн турш эцгийнхээ хараа хяналт дор өөрийн эд хөрөнгө, санхүүгээ захиран зарцуулах, бие даан шийдвэр гаргах эрхгүй байсан. Өдгөө 41 настай Бритни эцгийнхээ хараа хяналтаас гарч, асран хамгаалах эрхийг нь цуцлуулахаар шүүхэд зарга үүсгэж, тэмцсэний эцэст өнгөрсөн 2021 оны арваннэгдүгээр сард эрх чөлөөтэй болсон юм.
Өнгөрсөн хугацаанд эцэг нь асран хамгаалах эрхээ хэтрүүлж, Бритниг сэтгэцийн эмнэлэгт хорьж, мөнгө завшсан зэрэг хууль бус үйлдлүүдийг нь олонд дэлгэсэн. Мөн энэхүү хараа хяналт нь түүний амьдрал, хүсэл мөрөөдлийг хэрхэн үгүй хийснийг илтгэх урт “жагсаалт”-ыг өнгөрсөн 2021 оны зургадугаар сард болсон шүүх хурлын үеэр танилцуулж байв.
Жеми Спирс нь 2008 оны хоёрдугаар сард Бритнигийн асран хамгаалагчаар шүүхээс томилогдож, 60 сая ам.долларын хөрөнгө, санхүү болон хувийн шийдвэр гаргах эрхийг нь хянаж эхэлсэн. Тухайн үед Бритни нөхрөөсөө салж, хоёр хүүгийнхээ асран хамгаалах эрхийг алдаж, сэтгэл санааны гүн хямралд орсноор дээрх нөхцөл байдалд орсон юм.