Өнөөдөр дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр тохиож байна.
Тус аймаг орчны эрүүл мэндийг сайжруулах, эзэнгүй хог хаягдлыг багасгах зорилгоор эхний ээлжид аймгийн төв Улиастай сумын эргэн тойронд үүсээд удсан найман том хогийн цэгийг цэвэрлэж, ачуулах ажлыг хийжээ.
Тодруулбал, олон жилийн хур хогтой нийт 26,4 га талбайн 650 метр куб хогийг нэгдсэн хогийн цэгт тээвэрлэн хүргэж устгасан байна. Түүнчлэн үндсэн бус хогийн цэг дахин үүсэх эрсдэлийг тооцож, хэд хэдэн газарт камер суурилуулсан байна.
Олон улсын Орчны эрүүл мэндийн холбоо (IFEH)-ны санаачилгаар 2011 оноос Дэлхийн орчны эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг дэлхий дахинд жил бүр нэгдсэн уриа дэвшүүлж тэмдэглэн өнгөрүүлдэг ба 2023 онд “Орчны эрүүл мэнд: Хүн бүрийн эрүүл мэндийг өдөр бүр хамгаалцгаая” уриан дор тэмдэглэж буй юм.
Завхан аймгийн тухайд Улиастай сумыг тойруулан иргэдийн дур мэдэн үүсгээд удсан найман том хогийн цэгийг ачиж зайлуулснаар газрын хөрс, иргэдийн эрүүл мэнд, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөн орчны бохирдлыг бууруулж чадсан байна.
Мөн хавар, намрын улиралд ялангуяа хотын ойролцоох голын голдирол, эрэг дагуух эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэх ажлыг иргэд, төрийн бус байгууллагуудын санаачилга дэмжлэгээр хамтран өрнүүлдэг байна. Ингэснээр орчны бохирдлыг багасгаад зогсохгүй хавар, намрын улиралд хөрсний бохирдол, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг.
Түүнчлэн мал, амьтны сэг зэмийг цэвэрлэж, халдваргүйжүүлэх ажлыг улирлын чанартай зохион байгуулж байна. Энэ намрын их цэвэрлэгээг ирэх сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдээр зохион байгуулахаар төлөвлөсөн тухай Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Ташрамд тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд орчны эрүүл мэнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Орчны эрүүл мэнд нь тогтвортой хөгжлийн 7 зорилго, 19 зорилт, 30 үзүүлэлтэд тусгагдсан байна.