Тус аймагт “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ.
Нөлөөллийн аяны хүрээнд хүүхэд багачууд, эцэг эх асран хамгаалагчдад зориулсан төрөл бүрийн дижитал мэдээлэл, байгууллага хамт олныг хамарсан сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг явуулж буй юм. Энэ талаарх тодруулгыг аймгийн Цагдаагийн газрын Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Бямбасүрэнгээс тодрууллаа.
-Нөлөөллийн аяныг үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд Завхан аймагт ямар үйл ажиллагааг эхлүүлсэн бэ?
-Цахим орчинд мэдээллээ хэрхэн, хамгаалах, түүнчлэн насанд хүрээгүй хүүхдүүдийнхээ цахим орчин дахь хэрэглээг хянах. Хэн нэгнээс зохисгүй агуулга бүхий мэдээлэл ирвэл эцэг эх, асран хамгаалагч, багш хамгийн ойрын хүндээ заавал мэдэгдэх нь ямар чухал болохыг сануулсан, анхааруулсан нөлөөллийн зурагт хуудас, мэдээллийг байгууллагынхаа цахим хуудаст байршуулж эхэлсэн байна.
Түүнчлэн нийтийн цахим сүлжээг ашиглан иргэд олон нийтэд мэдээ, мэдээлэл түгээх, эцэг, эх, асран хамгаалагчдын хүүхдэдээ тавих хараа, хяналтыг сайжруулах чиглэлийн сургалт, нөлөөллийн олон талт арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Нөлөөллийн аяныг илүү үр дүнтэй болгохын тулд хамгийн түрүүнд эцэг, эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллаж эхэлсэн. Ингэхдээ манай цагдаагийн газраас “Google family link” болон хүүхдийнхээ гар утсыг зохисгүй агуулгатай контентоос хамгаалах зааврыг идэвхжүүлэхийг зөвлөж, зарим эцэг эхчүүдэд зааж өгч байна.
Энэхүү линкийг утсандаа татаж авч байршуулснаар эцэг эхчүүд хүүхдийг цахим орчин дахь зохисгүй агуулга бүхий мэдээ мэдээлэл, дэлгэцийн донтолт болон цахим орчинд үйлдэгдэж болох гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах. Урьдчилан сэргийлж, хянах боломжтой юм.
Өөрөөр хэлбэл та хүүхдийнхээ гар утаснаасаа цахим орчноос авч буй мэдээлэл, харилцсан мэдээллийн контентууд болон, ямар байршилд явж байгаа эсэх, ямар хүнтэй холбоо тогтоож харилцаж байгааг өөрийнхөө гар утаснаас давхар хянах боломжтой гэсэн үг юм.
-Аяныг ямар хугацаанд өрнүүлэх юм бол?
-Цагдаагийн Ерөнхий газар, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах.
Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлсэн. Аяныг энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулах юм.
Аяны хүрээнд хүүхэд багачууд, эцэг эх асран хамгаалагчдад зориулсан төрөл бүрийн дижитал мэдээлэл, сурталчилгааг өрнүүлнэ. Мөн байгууллага хамт олныг хамарсан сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг явуулна. Хүүхдүүдэд зориулсан зорилтот нөлөөллийн үйл ажиллагааг ч мөн явуулах юм.
Хэдийгээр интернэт болон цахим технологийн эрин үед хүүхдийн сурах, хөгжих, тоглох, бие биетэйгээ харилцах хэлбэр үндсээрээ өөрчлөгдөж тэдэнд өөрийгөө илэрхийлэх. Мэдлэг боловсрол эзэмших, авъяас чадвараа хөгжүүлэх маш өргөн боломжууд нээгдэж байна.
Гэвч нөгөө талаас сошиал орчинд хүүхдүүд өөрсдийн насанд тохироогүй зохисгүй контент буюу мэдээлэл, зураг, бичлэг зэргийг олж үзэх, садар самуун, хүчирхийллийн шинж чанартай контентыг бусдаас хүлээж авах. Хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг болон бусад гэмт хэргийн хохирогч болох явдал улсын хэмжээнд нэмэгдэж байна.
Улсын хэмжээнд цахим орчинд хүүхэд хохирсон гэмт хэрэг энэ оны эхний наймдугаар сарын байдлаар 13 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 44.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Завхан аймгийн тухайд одоогоор энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.
Гэсэн хэдий ч бид урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажлыг үр дүнтэй хийх нь чухал юм. Ер нь хүүхэдтэй холбоотой ямарваа нэгэн төрлийн гэмт хэргийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг үр дүнтэй явуулах нь чухал байдаг.
Тиймээс цаашид энэ төрлийн гэмт хэрэг улсын хэмжээнд өсөх хандлагатай байгааг статистик тоо баримт харуулж байгаа учраас хөдөө орон нутагт нөлөөллийн ажлыг илүү үр дүнтэй явуулахыг зорьж байгаа юм.
-Хүүхдүүдийг хамгаалах хамгийн эхний хүн бол мэдээж эцэг эхчүүд. Эцэг эхчүүдэд юу гэж зөвлөх вэ?
-Тэгэлгүй яахав. Эцэг эхчүүд хүүхдүүдээ цахим гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж чадна. Юун түрүүнд цахим орчинд гэрийн хаяг болон утасны дугаар, өөрийнхөө төрсөн он, сар, өдрийг ил тавихгүй байх.
Интернэтээр танилцсан хүнд өөрийн болон гэр бүлийнхээ талаар хэлэхгүй байх талаар анхааруулж хэлэх хэрэгтэй юм.
Мөн гар утас болон таблетаа үргэлж биедээ байлгаж ашиглахгүй үедээ түгжиж орхих талаар анхааруулах.
Фэйсбүүк болон бусад апликэйшн дэх найзуудаа таньдаг эсэхээ шалгаж, танихгүй хүнээс найзын хүсэлт ирвэл гэр бүлийнхэндээ хэлэх талаар зөвлөлдөж ярилцах хэрэгтэй юм.
Түүнчлэн фэйсбүүк болон цахим орчинд нийтлэл байршуулахдаа сайтар шалгах талаар анхааруулж, цахим мэдээлэл устгахад хэцүү гэдгийг зөвлөх. Интернэт цахим сүлжээнд бусдын хувийн мэдээлэл болон зургийг нийтлэхээсээ өмнө заавал зөвшөөрөл авах талаар анхааруулж хэлэх.
Танихгүй хүнээс ирсэн имэйл холбоос болон чатийг нээж үзэхгүй байхыг анхааруулж цахим залилангийн хохирогч болох өндөр эрсдэлтэй гэдгийг ойлгуулах нь чухал байна. Насанд хүрээгүй хүн үзэж болохгүй бичлэг зураг гарч ирвэл аав, ээждээ болон насанд хүрсэн ойр дотны хүмүүсдээ заавал мэдэгдэх.
Онлайн худалдан авалт хийхдээ том хүний тусламж авах, ухаалаг утас, таблет болон апликэйшн дээрээ аюулгүй байдал, нууцлалын зөв тохиргоог хийхэд насанд хүрсэн хүнээс тусламж авах талаар анхааруулахыг зөвлөж байна.
Эцэг эхчүүд цахим орчны талаар, цахим орчинд ямар харилцаа үүсгэж байгаа талаар нь хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж зөвлөгч нь байхыг хүсэж байна. Ингэснээр та бид хүүхдүүдээ хамгаалж чадах юм шүү гэдгийг л дахин сануулж, зөвлөж байна.
-Танд баярлалаа.