Тус аймаг хүн амынхаа хэрэгцээний иоджуулсан давсны хэрэглээг орон нутгаасаа хангаж байна.
Завхан аймагт иоджуулсан давсны хоёр үйлдвэр ажиллаж, жилд дунджаар 100 гаруй тн давс үйлдвэрлэн, аймгийн хэрэгцээний 80-90 хувийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангаж байна.
Тус аймгийн давсны үйлдвэрүүд Сантмаргаз сумын Дэвтээр, Цавдан нуурын давсыг түүхий эдээ болгон ашигладаг.
Дэвтээр нуурын давсны ил ордоос Сантмаргаз сумын “Монгол хан” хоршоо олборлолт явуулаад 50 гаруй жил болжээ. Тус хоршоо мөн олборлосон давсаа иоджуулж аймаг орон нутаг төдийгүй хөрш аймгууд, Улаанбаатар хотын эрэлт хэрэгцээг хангадаг ажээ.
Сүүлийн жилүүдэд тус нуурын давс эрэлт их байгаа бөгөөд дулааны улиралд өдөртөө 6 тоннын даацтай ачааны 2-3 автомашинаар гаргадаг. Орон нутгийнхаа 30 гаруй иргэнийг байнгын ажлын байраар ханган ажилладаг байна.
Байгаль дээр ургасан, химийн элдэв найрлагагүй давсны хэрэглээг хүн бүр хүсдэг, хэрэглэхийг зорьж байна. Тиймээс манай давс яг л тийм чанарыг хангаж байгааг дуулгая.
Энэ давсны чанар онцгой сайн бөгөөд 100 жилийн нөөцтэй. Манай улсын зах зээлд ОХУ, БНХАУ, ХБНГУ-аас давс оруулж ирж байгаа нь харамсалтай юм. Монголынхоо баялгийг зөв ашиглачихвал үйлдвэрлэл эрхэлж буй бидэнд ч тустай, иргэдийн маань эрүүл мэндэд ч тустай юм.
Дэлхийд уулын давсны орд олон байдаг ч хүнсний зориулалттай нь Гималай уул, Тангины уул, Шүдэн уул юм. Монгол Улсын байгалийн давсны найрлагад 96 хувь нь натри, үлдсэн дөрвөн хувь нь хүний биед хэрэгтэй элементүүд байдгаараа онцлог аж.
“Алтан Дэвтээр” хэмээн нэрлэдэг “Дэвтээр нуур”-ын давсыг манай нутагт 50 гаруй жил олборлож байна.
Энэ уламжлалыг манай хоршоо үргэлжлүүлэн иоджуулж, нэг кг, 500 граммаар савлан худалдаанд гаргаж, аймаг орон нутгийн хэрэгцээг бүрэн хангаж байна.
Аймгийн томоохон хүнсний үйлдвэрүүд манайхаас түүхий эд болох давсаа авдаг гэж “Монгол хан” хоршооноос мэдээлэв.
УИХ-аас 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолын 5 дугаар зүйлийн “г”-д хүнсний боловсруулах үйлдвэр буюу хүнсний давсны боловсруулах үйлдвэрийг шинээр байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх чиглэл батлагдсан аж.
Цавдан нуур нь Завхан аймгийн Сонгино, Баянхайрхан болон Увс Аймгийн Зүүнхангай гэсэн гурван сумын хилийн зааг дээр оршдог нуур юм. Цавдан нуур нь байгалийн шавхагдашгүй нөөц цагаан давсны орд.
Монголын Геологийн холбооны мэдээллээр, Монгол Улсын давс, мөсөн шүүний жилийн хэрэглээ 20 мянга орчим тонн. Үүнээс 14 мянган тонныг нь импортоор авдаг бөгөөд үүнд 2021, 2022 онд нийт 4.5 сая ам.доллар зарцуулсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ.
Хүн нэг хоногт таван грамм давс хэрэглэх ёстой гэсэн ДЭМБ-ын зөвлөмж бий. Гэтэл монголчууд хэрэгцээнээс давсан хэрэглээтэй буюу хоногт 11 грамм давс хэрэглэдэг аж. Үүнийг жишсэн хүн амын тоогоор бодвол жилд 11.5 мянган тонныг хэрэглэж байгаагаас 9.6 мянган тонныг нь импортоор авч буйг ХХААХҮЯ, ҮСХ-ны судалгааны тайланд дурджээ.
Геологич Ж.Сумъяа: “Импортоор авч буй иоджуулсан давс нь хүний биед ач холбогдолгүй, хамгийн хямд үнэтэй давс” гэдгийг онцолсон байна.
Одоогоор улсын хэмжээнд давс боловсруулж, иоджуулж, савладаг найман үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг аж.